Удиртгал
Ард түмнийхээ үр хүүхдийг эрдэм
боловсролтой болгохын төлөө төр, засаг их зүйл хийж байна. Гэвч засаж
сайжруулах шаардлагатай зүйлс цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Боловсролын хэргийг боловсронгуй болгоход
тус нэмэр болох хэдэн санаа байдаг аа товч боловч бичиж, боловсролын бодлого,
зарчим, агуулга, арга зүй боловсруулагчдын хүртээл болгохыг эрхэмлэв.
Эдгээр санаа надад гэв гэнэт төрсөн юм биш. Бас ийм зүүд ч зүүдэлсэн юм биш.
Олон жил багшилж, эрдэм судалгааны ажил хийж, амьдрал практикийг ажиглаж,
туршлага судалж, туршилт хийж байхдаа хийсэн дүгнэлтүүд, дахин дахин бодож,
бясалгасан зүйлс учраас миний өөрийн үнэмшил, итгэл болсон оюун дүгнэлтүүд юм. Үүнд:
1-рт, хүүхдийг боломжтой бага наснаас нь
сургуульд элсүүлэх нь нэн чухал. Тэгэхдээ заавал анхаарах хэдэн чухал зүйл
байдаг юм. Тодруулбал: а. Сургуульд орох хэмжээнд бэлтгэгдсэн эсэхийг үзэж
шалгах хэрэгтэй Энэ нь дотроо хэд хэдэн үзүүлэлттэй байх боловч юуны түрүүнд
оюуны хөгжил нь ямар хэмжээнд байгааг эрхэмлэн шалгаж байж элсүүлэх эсэхээ
шийдэж байх хэрэгтэй. Зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн насыг харж элсүүлэх нь
дагалдах уршигтай байдгийг заавал бодолцох ёстой. Зүйрлэж хэлбэл 18 насанд хүрсэн
эрчүүд цэргийн алба хаах насанд хүрсэн ч элсэлтийн комиссоор эрүүл мэндээ
шалгуулж, тэнцэх эсэхээ шалгуулдагтай л адил байх хэрэгтэй. Бас наадамд
барилдах бөхчүүд, уралдах морьдыг олон хоног бэлтгэж, уяа сойлгыг нь тааруулж
байж барилдуулж, уралдуулдагтай зүйрлэж болох юм. Хүүхдийн сургуульд орох
бэлтгэлийг үзэж, шалгахгүйгээр зөвхөн насыг тооцож элсүүлнэ гэдэг нь морьдыг
уяж сойхгүйгээр уралдуулах, бөхчүүдийг бэлтгэлгүйгээр барилдуулах гэсэнтэй
агаар нэг болно. Наадмын үеэр цөөнгүй морьд бахардан үхдэг. Энэ бол уяа сойлго
нь хагас дутуу байсны гэм юм. Уяагүй морийг уралдуулж болохгүйг малчин
монголчууд сайн мэднэ дээ. Сургуульд бэлтгэгдээгүй хүүхэд маш их хохирч, багш
нар нь тун их зүдэрч, бас их зэмлүүлдгийг би сайн мэддэг билээ. Ийм хүүхдүүд
сурлагаар хоцрох нь элбэг ба хамгийн муу нөлөө нь өөрийгөө эрдэм ном сурахгүй,
ухаан муу, чадвар муутай гэсэн бодолд автах явдал билээ. Ингээд сургуульд дургүй
болно. Үүн шиг муу зүйл байх уу. Төр засаг 6 наснаас нь хүүхдийг сургуульд элсүүлэх
шийдвэр гаргасан нь тун чухал. Энэ чинь энэ насны хүүхдийг сургуульд элсвэл
сургалтын зардлыг нь төр өгнө гэсэн сайхан шийдвэр. Түүнээс биш бүх 6 настныг
нийтээр нь хоморголон, албадан сургуульд элсүүлнэ гэсэн шийдвэр биш. Оюуны хөгжил
нь сурагч болох хэмжээнд хүрсэн 5 настнууд сургуульд элсээд 6, 7, 8 настнуудтай
нэг ангид орчихоод тэднээсээ илүү юү гэхээс дутуугүй сурч байгаа.Ийм 5
настнуудыг сургууль, багш нар бусдынх нь тоонд оруулчихаад сургалтын зардлыг нь
аваад байгаа. Хэрэв мэргэжлийн хяналтынхан мэдчихвэл яах бол. б. Хөдөөгийн
малчин, тариаланчдын 6.7 насны хүүхдүүд, мөн хот суурин газрын захын хорооллын
энэ насны хүүхдүүдээ хэрхэн сургахыг сайн бодох, зөв шийдвэрлэх шаардлагатай.
Энэ насны хүүхдийг дотуур байранд суулгана гэдэг маш бэрх бөгөөд балчир нялх
амьтдыг олон зүйлээр насан туршид нь хохироож байгаа юм. Ээж, аавынхаа хайр
халамжаас хэтэрхий багадаа холдоно гэдэг тэр нялх амьтдын хайр өсөх, томрох
явцад саад хийж, хайрлах сэтгэлийн хомстолд хүргэх маш муу уршигтай. Хэдийгээр
их зардал гарч хичээлийн болон дотуур байрын барилга барих, багш хүмүүжүүлэгчдийг
нэмж бэлтгэх зэрэг олон бэрхшээл улсад тохиолдох боловч энэ нь хүүхдийн
хохирлын дэргэд өчүүхэн зүйл билээ.
2-рт, боловсролын дээд, дунд шатны удирдах
байгууллагууд олон арван жилийн хугацаанд бүх нийтийн ерөнхий боловсролд
нэгдмэл байх зарчмыг тууштай баримталж, өсвөр хойч үеэ чадвар муутай болгож
байна. Өөрөөр хэлбэл бүх хүүхдийг нэг ижил авьяас сонирхолтой, хэрэгцээ, оюун
ухаан нь ч авь адилхан, том болоод бүгд нэг ижил ажил мэргэжилтэй болох юм шиг
буруу хандаж байна. Нэгдмэл байх
зарчмаасаа салж чадахгүй байгаагийн хамгийн тодорхой илэрхийлэл нь улс даяар
ЕБС-ууд нэг ижил сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичиг хэрэглэж байгаа
явдал юм. Өөрөөр хэлбэл бүх хүүхдээ бүх шинжлэх ухааныг сур гэж захиргаадаж
байна. Буруу хандлагаа цагаатгах гэж олон юм ярьж, хийж байгаа боловч суурь
зарчим нь буруу учраас үр өгөөж нь сайнгүй хэвээр байна. Нэг үгээр дүгнэж
хэлбэл боловсролын салбарт ардчилал үгүй
байна.
3-рт, хүүхдийн
хөгжил, төлөвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг зүйл бол сурган хүмүүжүүлэх
харилцаа мөн. Насныхаа үе шат тус бүрийн онцлогт тохирсон үйл ажиллагаанд хүүхэд
бүр сайн оролцож, үр шимийг нь хүртсэн байх ёстой. Тийм үйл ажиллагаа нь
тоглох, биеийн хөдөлмөр хийх, биеийн тамир спортоор хичээллэх, урлаг уран
сайханд суралцах, эрдэм ном сурах зэрэг юм. Энэ бүх үйл ажиллагааны аль алинд
заавал байдаг зүйл бол сурган хүмүүжүүлэх харилцаа юмаа. Өнөөгийн сургууль, цэцэрлэг, гэр бүл, байгууллагуудад зонхилж
байгаа сурган хүмүүжүүлэх харилцаа бол захиргааддаг буруу харилцаа юм. Үүнийг
сольж, өөрчлөхгүйгээр өсвөр хойч үеэ сайн болно гэж горьдовч тусыг үл олно.
4-рт, багш нарын нийгмийн асуудлыг онцгойлон
анхаарч, ялангуяа тэдний материаллаг амьдралыг дээшлүүлэхгүй бол соёлын хөгжил
дэвшилд хүрэхгүй гэж аугаа сэтгэгч Ленин захиж, сургасныг үгүйсгэж
болохгүй.
5-рт, буруу дүгнэлтээс буруу шийдвэр гарна. Сүүлийн
10 гаруй жилд мэдээллийн хэрэгслүүдээс ЕБС төгсөгчдийн талаар маш их
анхаарууштай зүйлс сонсдог, бас яая даа байз гэж амьхандаа бухимддаг боллоо.
Заримыг нь дурдвал:
-хүүхэд, залуучууд ном унших дургүй болоод
байна гэнэ.
-залуучууд юу ч хийж чадахгүй байна гэнэ.
-тэд их залхуу хойрго болж гэнэ.
-их дээд сургуульд элсэгчдийн ЕБС-иас олж
авсан мэдлэг нь хангалтгүй гэнэ
-ЕБС төгсөгчдийн хүмүүжил сайнгүй байна.
Гэх мэт олон юм ярьдаг болжээ.
Яагаад ийм болоод байна. Шалтгаан нь олон
янз байгаа бололтой. Нийгмийн олон хүчин зүйлстэй холбоотой юм ч байгаа. Хамгийн гол нь сургуулийн үндсэн үйлдвэрлэл
буюу хичээл нь л хичээл биш болоод байгаатай холбоотой. Хичээлийн үр дүн
муу байгаа юм. Хичээлийн үр дүн муу байгааг олон хүн багшийн муугаас болж байна
гэж хэлж магадгүй. Тэгвэл юунаас болоод багш муу байна гэж бас бодож үзмээр.
Энэ мэт тулга тойрсон зүйл яриад байвал хэдэн боть ном болно биз.
Хүүхэд, залуус ном унших дургүй байгаа юм
биш. Хүүхдийн унших чадварыг сайн төлөвшүүлэхгүй байгаа анхан шатны
сургалтын дутагдал хожим нь илэрч байгаа нь тэр. Эрдэмтэн мэргэд, зохиолч
яруу найрагчид зэрэг олон хүн би ном их уншдаг байсан гэж ярихыг сонсоод хоёр зүйлийг
удаан бодлоо. Өнөөгийн ахмад үеийнхнийг залуу байх үед ном нь хамгийн
гайхамшигтай сонин зүйл байж. Тэр үеийн хүүхэд залуус зав чөлөө л гарвал ном
уншихаас биш ямар кино, радио, телевиз, компьютер, интернет гэж гүйх биш. Бас
тэр үеийнхэн бүгдээрээ ном их уншаад ч байсан юм биш. Мөн л цөөн хэд нь ном
унших их дуртай, олдсон ганц номоо нэг нь нөгөөдөө дамжуулж, уншчихаад өөр ном
олдохыг хүсэн хүлээдэг байж. Олонх нь ном уншихгүй ээ. Харин бусдаараа, эсвэл
багшаараа яриулах дуртай байсан. Тэд номд дуртай боловч унших чадвар тааруу
учраас л өөрөө уншихгүй, хүнээр яриулах дуртай байсных. Тэр байтугай “хичээлд
идэвхтэй оролцвол уншсан ном, зохиолоо ярьж өгнө шүү” гэж багш нар нь шавь
нараа идэвхжүүлэх арга болгож байсныг санаж байна. Дээр үед ч, өнөөдөр ч бага
ангийн сурагчдын дийлэнх олонход унших чадвар муу төлөвшүүлж байгаа нь дэндүү
харамсалтай. Энэ дутагдлыг, хүүхэд, залуус ном уншихгүй байгаа шалтгааныг үнэн
зөв тогтоохгүйгээр буруу дүгнэлт хийвэл хийх ажил бас л буруу болно.
Хүүхэд залуус залхуу хойрго, юм хийж
чадахгүй, ЕБС-иас олж авсан мэдлэг нь чамлалттай, хүмүүжлээр сайн биш байгаа
зэрэг нь төр, засгаас боловсролын талаар баримталж буй зарчим буруу, бодлого зөв
биш, хийх ёстой ажлаа хийхгүй, өөр буруу юм хийгээд байгаатай салшгүй холбоотой
билээ. Тухайлбал: сургалт нь хүүхдийн
оюуны чадамж, хөгжилд нь нийцэж, тохирсон байх учиртай. Мөн хүүхдийн авьяас
сонирхол, хэрэгцээг хүндэтгэн, түүнд тулгуурлах ёстой. Эдгээрийг үндсэн
зарчим болгохгүй, нэгдмэл байх зарчмыг баримталж байгаагийн гэм уршиг илэрсээр
байна. Бүх хүүхдэд бүх шинжлэх ухааныг зааж сургана гэдэг бол сонсоход их
сайхан боловч үүнээс болоод шинжлэх ухаануудын аль алиных нь тухай сонсоод аль
алинаас нь сурсан юмгүй төгсөгчид олширсоор байна.
Олон хүн, ялангуяа бодлого боловсруулагчид
бодит байдлаас хэтэрхий хол, хөндий байдгаас болж их андуурч, буруу дүгнэлт
хийж байгаа харагдах юм. Тухайлбал: энэ олон жил ЕБС-д сурч тэр их ном
сурчихаад хүмүүжлээр сайнгүй байна. Ийм учраас сайн хүмүүжил олгох хичээлүүд
нэмж оруулъя гээд байх болжээ. Яг үнэндээ бол сонссон нь их ч сурсан юм нь бага
байна. Долоо хоногт хичээл хийхэд 30 гаруй цаг зориулж олон нэр төрлийн хичээл үздэг
боловч нэг хичээлд ноогдох цаг нь дэндүү цөөн. Тэр
олон хичээлийн багш бүр даалгавар өгнө. Олон даалгаврыг ихэнх сурагчид хийж
барахгүй, бас чадахгүй байдалд гарцаагүй ордог. Тэгээд бусдаас хуулах, хүнээр
хийлгэх зэргээр даалгавар хийсэн болж оромдоно. Тэдэнд сайн дүн, боловсролын үнэмлэх
хоёр л хэрэгтэй болж. Сонирхолтой, дуртай, чадах хичээлдээ илүү анхаарах
гэхээр бусад хичээлүүдэд муу авчих гээд бас үнэмлэх гэрчилгээгүй болчих гээд
горьгүй. Ийнхүү заавал судлах олон хичээлийг яалтай билээ. Ер нь заавал
судлах хичээл бол мэргэжилтэн бэлтгэх сургуульд л байх учиртай. Гэтэл
манайхан ЕБС-ийн ахлах ангиудад заавал судлах, сонгон судлах гэсэн хоёр хэсэгт
хичээлүүдийг хувааж тавиад бас болоогүй ээ сонгон судлах хичээлүүд нь төлбөртэй.
Зөвхөн сонгон судлах хичээл л ахлах ангид байх хэрэгтэй бөгөөд эцэг эхээс нь төлбөр
авах ёсгүй. Хүүхдүүд залхуураад ганц хоёрхон хичээл сонгочихоод бусдыг нь
сонгох ч үгүй гэж мөн буруу дүгнэлт хийдэг байж магадгүй. Яг үнэндээ бол хүүхэд
өөрийнхөө төлөө аав, ээж, багш нараасаа ч илүү юү гэхээс дутуугүй боддог юм шүү.
Долоо хоногийн гуч гаруй цагтаа 4 өөс 5 хичээл судлахаар сонгох эрхтэй
болгочихвол ёстой буянтай үйл болох байна.
ЕБС-ийн сурах бичиг зохиогчид тухайн
шинжлэх ухаанд сургалтын төлөвлөгөөгөөр ноогдсон цөөн цагт багтааж, өөрийн
шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэгийг яаж багтааж оруулах вэ? гэж тархиа
гашилгаж, зүдэрч байх шиг байна. Үүнээс хэтэрч хэрэглээний чадварууд эзэмшүүлье
гэж бодсон ч тийм цаг байхгүй болохоор яаж ч чадахгүй байх шиг санагддаг. Хэрэв
хүүхэд өөрийнхөө авьяас, хэрэгцээ сонирхол, хүчин чадалдаа нийцүүлэн цөөн хэдэн
хичээлийг сонгож үздэг болбол сурах бичиг зохиогчид чадвар суулгах олон юм нэмж
оруулах болно. Багш нар мөн адил, тэр их мэдээллийг барж ядан дамжуулаад өнгөрөхөөс
биш чадваржуулах цаг тэдэнд бас байхгүй. Ялангуяа суурь шинжлэх ухааны хичээлүүдийн
цаг дэндүү цөөхөн. Цагийг нэммээр байгаа юм. Тэгвэл яагаад ингэхгүй байгаагийн
буруутан нь нэгдмэл байх зарчмыг хатуу баримтлагчид мөн. Буруу ажил хийгээд
байгааг ганцхан жишээгээр ойлгуулахыг бодъё. Яам, хүрээлэн, аймаг,хотын
боловсролын хэлтэс, сургалт арга зүйн газрууд, сургуулийн захирал, эрхлэгчид
нэг зүйлийг онцгой чухалчилж, бүх хяналт шалгалт түүнд чиглэдэг байлаа. Тэр
онцгой чухал зүйл нь сурагч нэг бүрийн сурлага, мэдлэг байлаа. Одоо сургуулиуд
дээр УМХГ, аймаг хотын МХГ шалгалт хийхдээ түүнийг шалгах нь бараг үгүй болж,
оронд нь цаас, санхүүгийн баримт бичиг шалгадаг болжээ. Иймэрхүү шалгалтыг уг
нь аудитын байгууллага, хүмүүс л хийж баймаарсан. Яам, хүрээлэн, боловсролын
газар хэлтсүүд цөмөөрөө бодлого боловсруулагчид болчихоод сургалтын бодит үр дүнг
хянаж, шалгахаа бараг больжээ. Эдний энэ ажил шат дамжин доошилсоор захирал,
хичээлийн эрхлэгч нар ч цаас шалгагчид болсоор байна. Үүнээс болж, давтан
хэлэхэд хичээл ч хичээл биш болсоор байна. За тэгээд цагийн гүйцэтгэлээр бодож
олгодог тогтмол цалин нь багш нарыг оромдогчид болгосоор байна шүү.
Сэхээрцгээе. Сэрцгээе. Сэтгэцгээе. Боловсролын бодлого, зарчим нь үндэсний
аюулгүй байдлын амин чухал асуудлын нэг юм шүү..
6-рт, Ер нь бодлого, зарчим боловсруулагчид хүмүүжил
гэдэгт юуг ойлгоод байна. Хүүхдийг, хүнийг юу хүмүүжүүлдэг гэж бодоод байна.
Аль алиных нь талаар мэдлэггүй ч юм уу, буруу, дутуу мэдлэгтэй учраас мэдэгчийн
дүр эсгэж байдаг юм биш биз.
7-рт, Хичээл хичээл биш болсны уршгаар
хичээлийн хүмүүжүүлэх үр нөлөө бараг үгүй болжээ.
Аварга том нар дусал усанд багтан
харагддагийн адил сурган хүмүүжүүлэх их ажил нэг хичээлд тусгалаа олж байх
учиртай боловч тэгж чадахгүй байна. Аль ч ангийн ямар ч хичээлийн багш зөвхөн
мэдлэг дамжуулагч биш, уг мэдлэгийг хүүхдийн чадвар, дадал, итгэл, үнэмшил
болгохын төлөө их зүйл хийх ёстой боловч түүнийг хийх бололцоо, нөхцөлөөр хомс
байна. Үүнээс гадна хүүхдийн сэтгэцийг хөгжүүлэх, хүүхдэд эмх цэгц, нягт
нямбай, хичээнгүй, арвич хямгач зан чанарыг төлөвшүүлж байх учиртай. Аль ч
ангийн ямар ч хичээлийн багш хүүхдэд гоо сайхны, ёс суртахууны, хөдөлмөрийн хүмүүжил
олгох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл агуулгаар дамжуулж сайхан, муухай, зөв,
буруу, үнэн худал, болох болохгүйн тухай мэдэж авахаас эхлээд хичээл дээр
хэрэглэсэн багаж хэрэгслээ байр байранд нь тавих, сав саванд нь хийх, ажлын
байраа цэвэрлэх, цэгцтэй байрлуулах зэрэг олон юманд хүүхэд сурч, хийж сурч,
хэвшил зуршил болгож байдаг. Энэ мэт олон юмыг багш өөрөө эрхэмлэн чухалчилж,
сайн хийж байх арга, барилтай болсон байх шаардлагатай бөгөөд захирал,
эрхлэгчид нь багш нараа түүнд сургахыг нэн эрхэмлэх хэрэгтэй. Үүнийг багшийн
арга шийднэ.
Ер нь аливаа хүн ямар хөдөлмөр эрхэлж
байна түүнийхээ явц, үр дүнд баярлаж, урамшиж, өөрийн оюун, сэтгэхүй, хүчин
чадалд итгэж, улам ихийг сурах, хийх хүсэл тэмүүлэлтэй болж байдаг жамтай. Хүүхдийн
голлох үйл ажиллагаа тусбүрийн хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүргийг бодолцохгүй, зөвхөн
баахан мэдлэг дамжуулах талыг эрхэмлэж, хүүхэд залуусаа хохироогоод байна даа.
ЕБС ийн сурагчид сурах хөдөлмөрийг хийж сураад төгсөж байна уу гэвэл үгүй
байна. БСШУЯ, аймаг, хот, дүүргийн газар, хэлтсүүд харьяа сургуулиудын багш
нарыг дайчлан сургуулийн сурагчдын мэдлэгийн төвшин тогтоох шалгалтыг тест бөглүүлэх
хэлбэрээр хааяа нэг шалгаж, байр эзлүүлж байгаа боловч сайн, муугийн учир
шалтгааныг олж тогтоохгүй орхиж, ажил хийсэн болж харагдахаас цаашгүй болжээ.
Бид өөрсдийн санаануудаа амьдралд хэрэгжүүлэх зорилго тавьж, үе тэнгийнхнээсээ
оюуны хөгжлөөр түрүүлж яваа хүүхдүүдийг 5, 6, 7 настнуудаас шалгаруулан элсүүлж,
тэдний оюуны хөгжил, авьяас сонирхол, мэдлэг туршлагад нь нийцэх, тохирох
сургалт явуулж, улам зөв сайн болгох үйл ажиллагаа явуулж байв. Бидний энэ
сургалт олон хүүхдэд тохирох боловч бас бусад олон хүүхдэд тохирохгүй нь
мэдээж. Хүүхдийн оюуны хөгжил, авьяаст тохирсон сургалт олон янз байх болно.
Ийнхүү яримаар, бодмоор зүйл их байгаа боловч үг олдож үхэр холдоно гэдгийг
бодоод чухам юу бодож, юу хийснээ толилуулъя.
Монгол Улсын Гавьяат
багш Сурган Хүмүүжүүлэх
ухааны доктор,
профессор Д.С.Нэргүй